• bayansum.zdtg@gmail.com
МОД ТАРИХ АЧ ХОЛБОГДОЛ БОЛОН ЗААВАР ХҮРГЭЖ БАЙНА ХОГ БИШ МОД ТАРЬЯ

Дэлхийн хөгжил өсөн нэмэгдэхийн хэрээр байгалийн орчин хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны нөлөөгөөр унаган төрхөө алдаж байгаа билээ. Хүн, ургамал, ан амьтан, ус, агаар бичил биетэн гээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.

• Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг байна.

• Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна.

• Модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Тухайлбал: 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг байна.

• Мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг. Тухайлбал: нэг га навчит ой 3кг, шилмүүст ой 5кг байх жишээтэй.

• Мод нь хөрс хамгаалдаг байна.

Мод, сөөг тарих аргачлал

Тарих хугацаа

Хаврын улиралд 04.25-наас 06.01-ны хооронд, намрын улиралд 9.25-аас 11.01-ны хооронд мод тарихад тохиромжтой.

Энэ хугацаанд мод тарихад хавар бол модны нахиа задраагүй, намар бол навч нь бүрэн хагдарсан байдаг учир амьдрах чадвар сайн байна.

Хаврын суулгац тарихад оройн нахиа хатсан эсэхийг сайн шалгаж авах хэрэгтэй. Оройн нахиа хатсан эсэхийг мэдэхийн тулд суулгацын үзүүрийг хугалж үзнэ. Орой нь хатаагүй суулгацын үзүүр уян зөөлөн байна. Хэрэв хатсан байвал үзүүр нь хатаж хугарсан байх бөгөөд гар хүрмэгц хугарна. Ийм суулгацын амьдрах чадвар муу байдаг. Мөн олон настай хөгшин суулгац амьдрах чадвар муутай байдгийг анхаарах хэрэгтэй.

Мод тарихын өмнө:

Мод, сөөгний суулгацыг сонгож авахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

- Суулгацын гадана талын өнгө байдал хэвийн буюу шалбарч гэмтээгүй, өвчин хортонд нэрвэгдээгүй байх

- Нахиа нь задраагүй, тээвэрлэлтийн явцад үндэс нь хатаагүй байх

- Мөчир салаалсан үндэс ихтэй байхын дээр үржил шимтэй шороотой байх

- Гол иш нь эгц шулуун, бат бэх, хугараагүй байх

- Өсөлт хөгжилт сайтай байх

Ургах орчин:

Мод тарихдаа барилга байшинтай хэт ойр тарьж болохгүйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал гацуур, шинэс, нарс зэрэг модыг хашаа байшингаас 5 метрийн зайтай тарих нь зохимжтой. Цонхны ойр тарьсан мод хэдэн жилийн дараа нар халхлах магадлалтайг бодолцох хэрэгтэй.

Мод тарих нүх ухах:

Мод, сөөгийн нүхийг ухаж байхдаа үржил шимтэй өнгөн шороог нүхний нэг талд, доод талын үржил шимгүй шороог нүхний нөгөө талд тус тусад нь овоолж, 70-80 см-ийн голчтой, 50-60 см-ийн гүнтэй ухна.

Тарих:

Мод, сөөг тарих нүхэндээ 50 хувьд нь хар шороо, 30 хувьд нь элс, 20 хувьд нь хөх бууц сайтар хольж хөрсөө бэлдэнэ. Бэлдсэн хөрсний гол хэсэгт модныхоо үндсийг тараан байрлуулж, шороогоор хучиж, гишгэлэн шороог нягтруулж, агаар орохгүйгээр чигжиж өгнө. Тарьсан модны үндэс нугалраагүй шулуун, үндэсний үзүүр доош чиглэсэн байх ёстой. Тарьц, суулгацыг нүхний ёроолд хэтэрхий гүн суулгаж болохгүй. Модны үндэсний хүзүү нүхний ирмэгийн төвшнөөс 10-15 см доор байрлах нь зөв.

Усалгаа:

Мод, сөөгийг ургуулахад хамгийн чухал зүйл бол усалгаа юм. Шанагаар услах, хайрцаглах аргаар услах, тогоогоор услах гэх мэтийн аргууд бий.

Модыг тарьсан өдөртөө 60-80 литр, сөөгийг 20-30 литр усаар заавал услах шаардлагатай. Усалгааг өглөө, орой хийдэг. Анх суулгасан модны иш орчим хэт даралттай усаар усалж болохгүй. Усалгааг нүхний дотор талын ханыг дагуулан зөөлөн услах хэрэгтэй.

Оройн цагт 7-10 хоногт 1-2 удаа усална. 10 сард цэнэг усалгааг ханатал хийнэ. Усалгаа хийх явцад хөрсний сийрэгжүүлэлт хийнэ. 3 жилийн дараагаас үндэс нь гүний усанд хүрдэг тул арчилгаа усалгааг хийх шаардлагагүй болно.

2022-10-25 12:45:36