ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

БАЯН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭСЭГ

            Тус хэсэг нь хэсгийн төлөөлөгч, цагдаа-жолооч, цагдаа зохицуулагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр цагдаагийн байгууллагын үйлчилгээг хүргэж байна.

Хэсгийн дарга, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Баяртогтох эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, хууль зүйн магистр. Цагдаагийн байгууллагад 13 жил, үүнд 2015 оны 07 сарын 01-нээсТөв аймгийн Баян сум дахь хэсгийн төлөөлөгчөөр, 2016 оны 02 сарын 25-наас Сум дундын Цагдаагийн хэсгийн даргаар томилогдон ажиллаж байна.

Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч П.Цогтоо цагдаагийн байгууллагад 1999 оноос, тус суманд 2015 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс ажиллаж байгаа.

Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Энхбаатар 1997 оноос цагдаагийн байгууллагад, 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс тус суманд ажиллаж байна.

Сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажил өвөрмөц онцлогтой. Хэрэг бүртгэх, архидан согтуурахтай тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг эрүүгийн, хэв журмын, замын цагдаагийн нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг технологийн дэвшилтэй хослуулан иргэд, олон нийтийн туслалцаанд тулгуурлан ажиллахыг чухалчилж байна. Иймээс сумын төвийн гудамж, зам, ААНБ-ыг камержуулах, сурагчдын дунд “Өсвөрийн цагдаа”-гийн бүлэг, малчин өрхүүдийг нэгтгэсэн “Малчдын бүлэг”, сумын төвийн айл өрхүүдийн дунд “Хөршийн холбоо” байгуулж, сумын ГХУС дэд зөвлөлүүдийн ажил үүргийг тодорхой болгон, илүү үр дүнд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Бид хууль сахиулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт, дүрэм журмыг чанд баримтлан, албаны сахилга, ёс зүйг эрхэмлэн, иргэдтэй хүндэтгэлтэй харилцаж, сумын газар нутаг, зам харилцаа, иргэдийн амьдралын хэв маягтай уялдуулан шударга ажиллана.